Бэнжамин Франклин
Америкийн нэгдсэн улсыг үүсгэн байгуулах үйл явцад гарамгай хувь нэмэр оруулсан суут хүмүүсийн нэг бол Бэнжамин Франклин юм.
Ядуу зүдүү гаралтай тэрээр өөрийн хичээл зүтгэл, өндөр ухамсар болон нөр их хөдөлмөрийнхөө хүчээр Нэгдсэн улсын төдийгүй дэлхий дахины түүхэнд алдраа дурсган мөнхөрсөн юм. Тэрээр улс төрч, шинжлэх ухаанч эрдэмтэн, хэвлэн нийтлэгч, дипломатч, бизнесмэн байсан төдийгүй тухайн үеийн Америк оронд нэн шаардлагатай байсан олон шинэ зүйлийг бүтэн байгуулсан нийгмийн зүтгэлтэн байсан билээ.
Бэнжамин Франклин 1706 онд Бостон хотод саван үйлдвэрлэгч Жосиах Франклины хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх олон хүүхэдтэй, ядуу тарчиг амьдралтай байсан тул Бэнжамин хүү сургуулиа орхин аавынхаа ажилд туслахаас аргагүйд хүрчээ.

Номонд дуртай хүүхэд байсан учир аав нь түүнийг арван настай байхад нь ах Жэймсийнх нь хэвлэх үйлдвэрт ажиллуулахаар явуулсан байна. Хэвлэх цехэд өглөөнөөс орой хүртэл ажилладаг байсан Бэнжамин шөнийн цагаар ном уншиж, бичгийнхээ чадварыг дээшлүүлэхийн тулд уйгагүй хичээллэдэг байлаа.
Олсон жаахан мөнгөө ном худалдаж авахад зориулдаг байсан түүнд цорын ганц амралт нь уншлагын цаг болдог байв. Гэвч түүнд дургүй ах нь сав л хийвэл хажиглан зоддог байсан тул Бэнжамин 17 настайдаа Филадельфи уруу оргохоор шийдсэн юм. Халаасандаа хэдхэн зоосноос өөр юу ч үгүй хүү амьдралын шинэ замыг эрэлхийлэн энэхүү алхамыг хийжээ. Филадельфид очсоныхоо дараа Бэнжамин өөрийн хийж дассан хэвлэгчийн ажлыг олж авав. Тэрээр ажилдаа маш чадмаг байсан тул мужийн захирагч түүнд Англи явж хэвлэлийн төхөөрөмж авчирвал хувийн хэвлэх үйлдвэр нээх эрх өгнө хэмээн амлажээ. Ингээд Бэнжамин Англи явсан боловч хотын захирагч амлалтаасаа буцсан тул түүний мөрөөдөл талаар болсон юм. Ер нь түүний амьдралд өөрийг нь хууран мэхлэх, зээлсэн мөнгөө төлөхгүй бутлах, өрөнд оруулах хүн цөөнгүй тохиолдсон байдаг ч, тэрээр цөхрөлтгүй сайн сайханруу тэмүүлж, шургуу хөдөлмөрлөсөөр ирсэн байдаг.
1703 онд Бэнжамин Франклин дурлалт бүсгүй Добэра Рийдтэйгээ гэрлэжээ. Мөн тэрээр Англиас буцаж ирснийхээ дараа мөнгө зээлэн хувийн хэвлэх үйлдвэртэй болж сонин гаргаж эхлэв. Тэрээр сониндоо өөрийн бичсэн нийтлэлүүдийг тавьдаг байсан ба тэдгээр нь уран бичлэг, хурц агуулгаараа уншигчдыг байлдан дагуулдаг байлаа. Удалгүй сонин нь колони улсуудын дунд хамгийн нэр хүндтэй сонин болж, хувийн бизнес нь өргөжин цэцэглэсэн байна.
Хэвлэх үйлдвэрлэл эрхлэхийн хажуугаар Франклин өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой залуучуудтай хамтарч Жунто хэмээх клубыг байгуулжээ.
Энэ бүлгэмийн гишүүд нь улс төр, шинжлэх ухаан, гүн ухаантай холбоотой асуудлуудыг авч хэлэлцэн мэтгэлцээн явуулдаг байлаа. Клуб доторх яриаг үр дүнтэй байлгахын тулд тэрээр гишүүдийн тоог 20-иор хязгаарлаж, янз бүрийн зохицуулах дүрэм боловсруулан гаргаж байв. Энэ клуб гишүүддээ маш өгөөжтэй байсан тул удалгүй нэр нь түгж, салбар клубууд үүссэн байна. Цаашдаа энэ клубын гишүүд нь нийгэм, улс төрийн салбарт харилцан бие биенээ дэмжин туслах болж, олон талаар бие биенийхээ амьдралд нөлөөлсөн байдаг.
Тэр үед ном гэдэг өндөр үнэтэй бүтээгдэхүүн байлаа. Иймд клубын гишүүд гэр гэртээ байсан номыг авчирч нийлүүлэн дундаа номын танхим нээжээ. Яваандаа тэд түүнийгээ жирийн ард иргэдийг гэгээрүүлэх номын болгон өргөжүүлсэн нь өнөөгийн Америкийн номын сангийн компаниудын эхлэл болсон юм.
Өөрийгөө дайчлан хөгжүүлэхэд байнга анхаарч ирсэн Франклин 27 наснаасаа гадаад хэл үзэхэд хүүчээ сорьж богино хугацаанд Франц, Итали, Латин хэлүүдийг эзэмшиж чадсан байдаг.
Франклин тухайн үеийн Америк орон Европын улсуудтай харьцуулахад хөгжлөөр ихээхэн хоцрогдож байгааг анзааран, мөн энэ орнуудын хөгжил цэцэглэлт, нийгмийн зөв харилцаа, хүмүүсийн боловсролын түвшин зэргийг өөрийн оронтой жишин боддог байлаа.
Ингээд Франклин ард иргэдийн сайн сайхны төлөө өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахад өөрийгөө зориулахаар шийдэж Филадельфийн гудамжуудыг гэрэлтүүлэх, цэвэрлэх, зам тавих ажлуудыг нэн түрүүнд хэрэгжүүлж эхэллээ. Алхам тутамдаа шинэ санаа гаргадаг, гаргасан санаагаа заавал хэрэгжүүлдэг байсан нь түүний хамгийн гол чанар байв.
Өглөө босох бүртээ “Энэ өдөр би ямар сайн зүйлийг хийх билээ ? ” гэж өөрөөсөө асуудаг байсан ба орой унтахдаа “Би энэ өдөр ямар сайн зүйлийг хийж чадав аа? “ гэж өнгөрүүлсэн өдөртөө дүгнэлт хийдэг байсан гэдэг.
Тэрээр цаашилбал галын алба, даатгалын газар, эмнэлэг, Пэнсилванийн Их Сургууль, Америкийн гүн ухааны Холбоо зэргийг байгуулжээ. Эдгээр нь тухайн үеийн Америк оронд шинэ содон зүйлүүд байсан төдийгүй Франклины байгуулсан дээрх байгууллагууд Америкийн Нэгдсэн Улсад өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна.
Энэ үед Франклин өөрийн баримтлах 13 зарчим ыг боловсруулсан байна. Хүн болгонд төрөлхийн юмуу, эсвэл өссөн орчноосоо олж авсан муу зуршлууд байх боловч хүн үүнийгээ ухаарч засъя хэмээвээс энэ бүхнээс салж болдгийг тэр өөрийн биеэр батлан харуулсан юм.
Франклины 13 зарчим
1. Тохируулсан хэрэглээ Хэтрүүлэн идэхгүй байх, согттолоо уухгүй байх
2. Чимээгүй байдал Өөрт болон бусдад хэрэг болохгүй зүйлийг ярихгүй байх
3. Эмх цэгц Өөрийн эд зүйлс, юмнуудыг эмх цэгцтэй байлгах, мөн эхэлсэн ажлаа товлосон хугацаанд нь гүйцэтгэж дуусах
4. Шийдэмгий зан Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх
5. Арвич хямгач Өөрийн болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх
6. Үр бүтээлч Цаг хугацааг үр ашигтай өнгөрүүлж хичээнгүйлэн хөдөлмөрлөх
7. Үнэнч, найдвартай Худал хэлж хүмүүст төвөг учруулахгүй байх. Мөн сэтгэл санаагаа цэвэр ариун байлгах
8. Ёс суртахуун Хүмүүсийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж тэдний эрх ашигт хохирол учруулахгүй байх
9. Уян хатан байдал Асуудлын нэг талыг хэт баримтлахаас сэргийлэх. Мөн өөрийн эрх ашиг зөрчигдөн хохирол хүлээлээ ч уур уцаарыг тэвчих
10. Цэвэрч байдал Өөрийн орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих
11. Тогтуун дөлгөөн зан Амьдрал ахуйн аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд хэцүү асуудалд ч гэсэн тайван дөлгөөнөөр хандах
12. Ариун нандин байдал Шунал, тачаалд автахгүй байх
13. Даруу төлөв зан Иесус болон Сократаас суралцах
Франклин эдгээр арван гурван зарчмыг мөрдлөг болгохын тулд тодорхой хугацаанд нэг зарчмыг сонгон тэмдэглэл хөтлөх замаар өөртөө байнга сануулж, дадал болгосны дараа дараагийн зарчим уруу шилжих аргаар хэрэгжүүлжээ. Мөн эдгээр зарчмыг боловсруулахдаа эхний зарчмыг өөрийн болговол дараагийн зарчмыг хэвшүүлэхэд хялбар байх логик дарааллыг бодож олсон байна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: